avatar

Хариу нэхээгүй үйлсийн жимээр

2013-10-15,13:51

Алтан наран алгуурхан мандаж аяны шувуудын дуу бодолд уянгална. Намрын энэ өглөө ариун үйлсийн аянд мордохоор  догдлон байгаа  залуусын сэтгэлд цаанаа л нэг нандин инээмсэглэл тодорсоор . Юу гэвээс “Этүгэн” дээд сургуулийн оюутны холбооноос Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй ачтан-4”  сайн үйлсийн  аян  Батсүмбэрийн ахмад настны асрамж, хөгжлийн үндэсний төвийг зорих гэж байгаа нь энэ. Дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ аянд өнөө жил ЭМШУИС”ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн клуб, мөн Монголын бурхан шашны их сургуулийн оюутны төлөөлөл хамтран оролцож байгаагаараа онцлог юм. Ахмад настнууддаа туслах гэсэн гэгээн хүсэлдээ хөтлөгдөн, залуу насны эрч хүч, цог золбоогоор гэрэлтсэн оюутнууд маань аян замын турш дуулан цэнгэж , хөгжин наадаж,хөөрөлдөн хүүрнэж,  биеийн алжаалыг үл умартан явсаар зорьсон газраа ирлээ.   “Хариу нэхээгүй ачтан” хүмүүнлэгийн аяныханыг тус байгууллагын менежер н.Баярцогт, их эмч М.Сүрэнжав нар угтан  авсан юм. Тэдний сэтгэл  нэг л халуун дотноор манай хүүхдүүд ирлээ гэсээр угтсан юм. Ахмад настны асрамж хөгжлийн үндэсний төвд 108 Настан асруулж байгаа аж. Эдгээрээс хамгийн өндөр настан 93 настай буурай байгаа бол залуу нь 19 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг  гэж тус байгууллагын дарга Л.Төмөрчөдөр хэлж байв. Ирэх жил 90 жилийнхээ ойтой золгох энэ байгууллага маань өдрөөс өдөрт, жилээс жилд өнгө төрхөө засч хөгжин дэвжиж байгаа нь гаднаас нь харахад л илхэн. Этүгэн дээд сургуулийн оюутнууд маань эмч, эмнэлгийн мэргэжилтэн болохоор суралцаж буй цаг хугацаанаасаа жилд хоёр өдрийг асрамжийн газрын ахмадууддаа асаргаа сувилгааны тусламж үзүүлэхэд зориулж  тэдэнтэйгээ хууч хөөрч, хөгжин наадаж яг л төрсөн хүүхэд шиг нь байсаар хамт өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Цагаан халадаар жигдэрч, цайлган сэтгэл нь гэрэлтсэн  эдгээр оюутнууд дөрвөн баг болон хуваагдаж ахмадуудаа усанд оруулж, хувцасыг нь сольж, хөл гарых нь хумсын авч, өрөө тасалгааг нь цэвэрлэж, ор дэрийг нь засаж янзлахаас өгсүүлээд  амин үзүүлэлтийг нь үзэх мөн тухайн байгууллагын дотоод их цэвэрлэгээ зэргийг чин сэтгэлээсээ хийж байгааг нь харахаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.  Бидний цөөхөн Монголчууд чинь нэг нэгнийгээ ингэж л хайрлаж явах учиртай юм даа гэж бодохоор хойч үеийн минь ирээдүй нэг л өнгөлөг харагдах шиг. Алдарт найрагч  Очирбатын Дашбалбарын ...Амьддаа бие биеээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий харамла... гэсэн шүлгийн мөрүүдийн утга учир энд л гэрэлтэн тодорч байх шиг санагдана. Бидний аав ээж, өвөө эмээгээс минь ялгарахгүй энэ сайхан ахмадууддаа зүрх сэтгэлээрээ тусалж нэгэн өдрийг өнгөрүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна гэж ярих тэднээс мөн л нэг тийм нандин сүүн сэтгэл үнэртэнэ. Ахмадуудаа асран сувилж сэтгэлийн нараа мандуулан яваа зарим залуусынхаа сэтгэлдлийг сонссон юм. Этүгэн дээд сургуулийн багш Б.Сумъяа: Энэ аяныг анх зохион байгуулагдсан цагаас эхлэн дөрвөн жил тасралгүй ирж байна. Миний хувьд энэ жил сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдээд ажиллаж байгаа. Оюутнуудтайгаа хамт уламжлал болсон сайхан аяндаа оролцож ахмад буурлууддаа тусалж, сэтгэлийн дэм хайрлаж байгаадаа маш их баяртай байна гэлээ. Мөн тус сургуулийн 5-р курсын оюутан С.Тэгштунгалаг: Би энэ аянаар дөрвөн жил дараалан ирж байгаа. Азай буурал өвөө эмээ нар дээрээ ирэх гэж яардаг болсон шүү. Энэ аяндаа оролцож эмээ өвөө нартаа туслаж буйдаа маш их баяртай байна. Манай эмээ өвөө нар биднийг ирэхээр баярлаад л хөөрхөн шүү гэж хэлээд инээмсэглэв.  Ийм л ариун нандин, гэгээн тунгалаг хайр энэрлийн далай цагаан давалгаан дунд явахад сэтгэл нэг л тийм зүйрлэшгүй гэгэлгэн. Оюутан залуус маань жилдээ нэг удаа тэдэндээ очих гэж яардаг бол ахмадууд маань ч гэсэн  сайхан сэтгэлээ дэлгээд л хүрээд ирнэ дээ хүүхдүүд минь гэж хүлээж суудаг болжээ. ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн клубыхан маань энэ жил анх удаагаа ирж оролцож байгаадаа баяртай байгаагаа дурьдаад, Этүгэн дээд сургуулийн оюутнуудтайгаа цаашид хамтран ажиллахад ямагт бэлэн гэж тус клубын удирдагч багш АУ-ны магистр Б.Азжаргал хэлж байсан юм. Тэгэлгүй яахав хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ирээдүйд хамтран ажиллах зорилго нэгт оюутнууд  маань ийм сайхан үйлсээр нэгдэж байгаа нь бас л бахархууштай. Эрүүл мэндийн доройтол, хөгжлийн бэрхшээлтэй болон хань ижил,  үр хүүхэдгүй, харж хандах хүнгүй болсноос үүдэн ирсэн ахмадууд ихэвчлэн энд  байдаг ажээ. Залуу сайхан насандаа өөр өөрийн эзэмшсэн мэргэжил, чадвараа улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө зориулж тэргүүний эгнээнд явсан  ахмадууд ч энд байх. Тэд маань амьдралын гундуухан салхинд өртөн насны эцэст ганцаардан яваагаа ярьж нэг мэгших ... Хийж бүтээж явсан цагийн ариун хөдөлмөрийнхөө үр шимийг дурсаж нэг бахархах.  ...Энэ  байгууллагтаа ирээд сайхан байнаа бидэнд дутагдаж гачигдах юм ер алга, гадна дотны хүмүүс ч их тусалж дэмжих юм. Сайхан сэтгэлтэй хүмүүсийнхээ дэмээр бид чинь болоод л явна. .. гэж ярьж суугаач гэсэн битүүхэн санаа алдсан харцанд нь гунигийн манан сүүмэлзэх шиг... Эрээнтэй бараантай амьдралын нугачаанд цагийн аясаар нэмэгдэж буй магнайн үрчлээ нь  хэлээд өгөх шиг санагдаж байснаа нуух юун. Өдгөө 80 насыг хол даван насалж буй нэгэн эмээтэй аминчлан ярилцаж үзэхэд 50 шахам жил  улс нийгэмдээ  ажиллаж амьдралын хүрдээ эргүүлж явсан байх бөгөөд  газар дээр ганц хүүтэй хүн дээ эмээ нь хүү маань хаа явдаг юм бүү мэд 10 аад жил уулзсангүй хүүтэйгээ уулзтал эмээ нь үхэхгүй гэж нүдэндээ нулимстай ярьж суух нь сэтгэл шимширмээр... Хөөрхий энэ эмээгийн тэр ганц хүү хэрэв эсэн мэнд яваа бол ижий дээрээ очиж сэтгэлийн тэнгэрийг нь нэг цэлмүүлээсэй. Этүгэн дээд сургуулийн оюутан залуус бүтэн өдрийн турш ахмадуудтайгаа ажиллаад оройн зоогондоо хамтдаа орцгоолоо. Оройн зоогийн дараа Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд ахмадууддаа зориулан тэднийхээ сайн сайхан, эрүүл энх, урт удаан наслахын тухайд буян номын дээжээсээ айлдсан юм. Бурханы номын дуунд залбирч суугаа азай буурлууд маань эрхээ эргүүлж уулзаагүй удсан үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, унаж төрсөн нутаг усаа бодож тэднийхээ сайн сайханы төлөө залбиран суугаа нь илхэн.  Үүний дараа Этүгэн дээд сургуулийн оюутны холбооны тэргүүн Э.Алтнаа: Манай сургуулийн 42 оюутан та бүхэндээ асаргаа сувилгааны тусламж үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байгаа эдгээр 42 оюутан маань сургуулийнхаа нийт 4000 оюутны сэтгэл итгэлийг тээж ирсэн юм шүү гээд нийт оюутнуудынхаа хандиваар цугларсан ахуй хэрэглээний бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын төлөөлөгчид гардуулан өгсөн юм. Ингээд үдшийн цэнгээний арга хэмжээ эхэлж оюутнууд маань ахмадууддаа зориулж аялгуу дуугаа дуулж, шүлэг  найргаа уншиж тэдэнтэйгээ хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж хэзээч мартагдахааргүй сайхан дурсамжаар үдшийг өнгөрөөлөө. Ахмад настнууд маань жил бүр биднийг зорин ирж сэтгэлээрээ тусалж дэмждэг та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү гэдгээ дахин дахин илэрхийлж ,  Залуучуудтайгаа хамт дуулан наадаж, бүжиглэн цэнгэж ёстой  нэг хамаг стрессээ тайлж,  залуу насандаа ирсэн юм шиг сэтгэл нь хөөрч байгаа харагдана лээ. “Хариу нэхээгүй ачтан” сайн үйлсийн аяныхныг нийслэлийн зүг хөдлөхөд ахмадууд маань дараа жил дахин баяртайгаар уулзахын сайхан ерөөл өргөж, нүдэндээ нулимстай бидний араас ширтэн зогссоор үлдсэн юм. Хүүхдүүд нь та бүхэнтэйгээ зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байх болноо... Хариу нэхээгүй үйлсийн ариун жимээр хамтдаа аялж явахад сүү үнэртсэн сэтгэлийн хүч, сүүдэр үргээсэн итгэлийн гал гэдэг ямар хүчтэй болохыг энэхүү тэмдэглэлийг үзэглэгч би ойлгосон юм. Бас сайхан сэтгэлт хүн бүр минь ойлгоосой гэсэндээ үзэг барин үг холбож суугаа нь энэ. Тиймээс ч “Хариу нэхээгүй ачтан” хэмээх хүмүүнлэгийн аяныг  уламжлал болгон зохион байгуулж, сайн үйлсээр гэрэлт ирээдүйг урлаж яваа  хамт олны ажил үйлс ямагт өөдрөг байж санаж сэдсэн  үйлс бүхэн нь дэлгэрэн дэвжих нь дамжиггүй ээ.

                          

М. Цэрэнтогтох

- See more at: http://gonews.mn/post.php?id=12510#sthash.ClmwLo1T.dpuf


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax